images

НҮБ-ЫН ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЖЕНЕВ ХОТНОО БОЛЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2025-11-27

9

ШХУ-ын Женев хотноо энэ 11 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд хуралдаж буй НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагын удирдах дээд байгууллага болох Худалдаа, хөгжлийн зөвлөлийн хуралдаанд  Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

 

Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг Бага хурлаас бусад үед Худалдаа, хөгжлийн зөвлөл нь тус байгууллагын удирдах дээд байгууллага бөгөөд 2024-2025 онд Худалдаа, хөгжлийн байгууллагын хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, 2026 оны төлөвлөгөөг хэлэлцэж байна.

 

Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа 11 дугаар сарын 26-ны өдөр Зөвлөлийн  Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Женев дэх Бүлгийн зохицуулагчийн хувиар бүлгийн байр суурийг илэрхийлэн үг хэллээ.

 

Тэрээр хэлсэн үгэндээ, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас гарсан “Женевийн зөвшилцөл” баримт бичиг, ДГХБО-уудын Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагын манлайлал онцгой чухлыг дурдаад худалдаа, тээвэр, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй транзит систем, эдийн засгийн төрөлжилт, цахимжуулалт, тогтвортой санхүүжилт, өрийн удирдлага, ногоон өртгийн сүлжээ зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулан үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

 

Хурал үргэлжилж байна.