"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЖЕНЕВ ХОТОД БОЛЛОО
"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЖЕНЕВ ХОТОД БОЛЛОО
Монголын анхны “Балдорж” шагналт редакц, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналт “Оюунлаг эргэлт медиа групп”-ийн дэргэдэх Ergelt.mn мэдээллийн сайтын сэтгүүлчид “Сүүлчийн нүүдэлчид” номоо монгол, англи хэлээр хэвлүүлэн, дэлхийн уншигчдад хүргэж байгаа билээ. Энэ удаа Швейцарын Холбооны Улсын уншигчдын гарт хүрлээ.
Номын нээлтийн ёслолд Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа, Швейцар, Лихтенштайн Улсын мэдээллийн агентлагийн дарга Жон Муси, Швейцарын ахмад дайчин Люк Феллай, Эргэлт.мн мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатар, Ерөнхий редактор Б.Энхмарт тэргүүтэй эрхэм зочид, номын зохиогчид, Швейцарын Холбооны Улсад суугаа монгол иргэд, оюутнууд ирж оролцлоо.
Номын нээлт Швейцарын Холбооны Улсад үйл ажиллагаа явуулдаг "Ulaanbaatar" ресторанд болов. Номын нээлтийн үеэр Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа "Сүүлчийн нүүдэлчид" номын зохиолчид Швейцарын Холбооны Улсын Женев хотыг зорин ирж номоо нээж байгаад баяртай байна. Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлчид урт хугацааны судалгаатайгаар энэхүү номыг бичжээ. Тиймээс "Сүүлчийн нүүдэлчид" ном орчин цагийн Монгол Улсыг дэлхийд таниулахад чухал хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Тус номыг Швейцарын Холбооны Улс төдийгүй Европын бусад улсад хэвлүүлэхийн тулд бид хичээн ажиллах болно. Монголын өв соёл, өвөрмөц зан заншил, өдөр тутмын хэв маягийг харуулахын тулд мэргэжлийн түвшинд судалж, номоо бичиж, хэвлүүлсэнд баяртай байна" гэсэн юм.
Швейцар, Лихтенштайн Улсын мэдээллийн агентлагийн дарга Жон Муси "Монголчуудын түүхийг өөрөөр харуулах "The last nomads" ном Швейцарын Холбооны Улсыг зорин ирсэнд баяртай байна. Миний сонсож, уншсан Монгол Улсыг надад огт өөрөөр таниулна гэдэгт итгэж, хүлээж байгаа. Номын танилцуулгыг сонсоод зорьж унших олон сэдэв байгааг мэдэх хамгийн таатай байлаа. Номоо уншиж дуусаад Монгол Улсын талаар илүү судлахыг хүснэ гэдэгтээ итгэлтэй байна" гэв.
Нээлтэд ирсэн хүндэт зочид "Сүүлчийн нүүдэлчид" номын талаар нээлттэй ярилцлага өрнүүллээ.
https://www.facebook.com/ergeltmn.site/posts/pfbid02joTyxsmpPSCeY4XDTBY4C2mxgm2hTyQXn9jAkGhHfLvenhU4dVVtenpQL31Vj5V4l