МОНГОЛЫН БУДДЫН ШАШНЫ УЛАМЖЛАЛЫН ТУХАЙ ИЛТГЭЛҮҮД ШВЕЙЦАРТ БОЛЛОО
Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам Д.Жавзандорж Монголын Буддын шашны түүх, гүн ухаан, өв уламжлалын талаар Швейцарын Цюрих хотын Ритберг музейд 2025 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр илтгэл тавилаа.
Тэрээр Буддын шашин Монголчуудын оюун санаа, зан заншил, өдөр тутмын амьдралд уялдан орсон талаар онцлон тэмдэглэж, хийдүүдийн мэдлэг түгээх, соёлын өвийг хадгалах, сүсэгтнүүдэд сэтгэлийн дэм өгөх чухал үүргийг тодотгов. Мөн өнөө цагт Монголын Буддын шашин нийгмийн шинэ сорилтуудтай уялдан хөгжиж, энх тайван, нигүүлсэл, соёлын үнэ цэнийг үеэс үед түгээсээр буйг тэмдэглэсэн юм.
2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Швейцарын Женев хотноо Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам Д.Жавзандорж тус улсад оршин сууж байгаа монголчуудыг хүлээн авч уулзан “Буддизм ба шинжлэх ухаан” сэдвээр илтгэл тавилаа.