НҮБ-ЫН ОЛОН УЛСЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЙГУУЛЛАГЫН ДЭД ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ
2025.10.29-ний өдөр, Женев хот. Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагa (ОУШХБ)-ын Дэд захирал Сунг А Ли-тэй уулзаж, санал солилцлоо.
Уулзалтын эхэнд талууд Монгол Улс, ОУШХБ-ын хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Дэд захирал Сунг А Ли ОУШХБ-ын 2024-2028 оны стратеги, шилжилт хөдөлгөөн, хүмүүнлэгийн тусламжид баримтлах бодлого, байгууллагын дотоод шинэчлэлийг дурдаад, тус байгууллагад учирч буй санхүүгийн хүндрэл, түүнийг даван туулах арга хэмжээний талаар товч мэдээллээ.
Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа ОУШХБ-ын үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газар тууштай дэмжиж, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байдгийг дахин нотолж, тус байгууллагын Сөрөн тэсвэрлэх үйл ажиллагааны санд сайн дурын хандив өгөхөөр шийдвэрлэснийг мэдээлэн ноот бичиг гардуулж өгөв.
Монгол Улсаас өгч буй сайн дурын хандив, хамтын ажиллагаанд ОУШХБ-ын Ерөнхий захирал Эми Поуп талархал илэрхийлж, цахим хуудастаа мэдээлсэн байна.