images

МОНГОЛ, ШВЕЙЦАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН: ЦЮРИХИЙН РИТБЕРГ МУЗЕЙД “МОНГОЛЧУУД: ЦАГ ХУГАЦААГААР АЯЛАХУЙ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Мэдээ мэдээлэл

2025-10-24

10

Цюрих хотын Ритберг музейд “Монголчууд: Цаг хугацаагаар аялахуй” хэмээх түүх, соёлын үзэсгэлэн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ёслол төгөлдөр нээлтээ хийж, 2026 оны 3 дугаар сар хүртэл олон нийтэд дэлгэгдэхээр боллоо.

Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын соёлын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн нь хоёр мянган жилийн түүхэн өвийг дэлгэн үзүүлж, Монголын түүх, нийгэм, соёлын онцлогийг олон улсын тавцанд таниулах чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

Нээлтийн ёслолд Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн, Цюрих хотын дарга Коринн Маурер, Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Ритберг музейн захирал доктор Аннетт Бхагвати нар оролцож, хоёр орны соёлын харилцааг улам гүнзгийрүүлэхэд энэхүү үзэсгэлэн чухал гүүр болж буйг онцлон тэмдэглэлээ.

“Монголчууд: Цаг хугацаагаар аялахуй” үзэсгэлэн нь Хүннү гүрний үүсэл, Төв Азийн тал нутгийг хамарсан түүхэн эзэнт гүрний суурь, морьдын стратегийн ач холбогдол, нум сумны инженерчлэл, арвантын тогтолцоонд суурилсан цэргийн бүтэц зэрэг Монголын нийгэм, соёл, цэргийн зохион байгуулалтын өвөрмөц шинжийг онцлон харуулах юм.