ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц (Рамсарын конвенц)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Мусонда Мумбатай 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс болон Рамсарын конвенц хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газрын хамгаалалт, зохистой ашиглалтыг дэмжих чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Монгол Улс Рамсарын конвенцын зорилгыг тууштай хэрэгжүүлж ирснийг онцлон тэмдэглэж, ус, намгархаг газар нь биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тогтвортой амьжиргааг дэмжихэд чухал үүрэгтэйг тэмдэглэв.
Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Мусонда Мумба Монгол Улсын ус, намгархаг газрын хамгаалалтыг сайжруулах чиглэлээр гаргаж буй хүч чармайлт болон байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаанд тууштай оролцож байгааг сайшаав.
Уулзалтын төгсгөлд талууд Рамсарын конвенцын зорилго, НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй буйгаа нотлов.
Монгол Улс 1998 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Рамсарын конвенцод нэгдэн орж ус, намгархаг газрын хамгаалалт, зохистой ашиглалтыг хангах, экологийн тэнцвэрийг хадгалахад чиглэсэн олон улсын хүч чармайлтад тууштай хувь нэмэр оруулахаа нотолсон билээ.