ТӨВ АЗИЙН БҮС НУТАГ БА ОЛОН ТАЛТ ХУДАЛДААНЫ СИСТЕМ: ИНТЕРАЦИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ ӨНДӨР ТҮВШНИЙ ФОРУМД ОРОЛЦОВ
Азийн Хөгжлийн Банк (АХБ) нь Төв Азийн Бүс нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны (CAREC) хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн Худалдааны Байгууллага (ДХБ)-ын Нарийн бичгийн дарга нарын газартай хамтран 2025 оны 10-р сарын 22-23-ны өдрүүдэд “Төв Азийн бүс нутаг ба олон талт худалдааны систем: Интерацийг бэхжүүлэх нь сэдэвт Өндөр түвшний форумыг зохион байгуулав.
Форумд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа оролцож, ДХБ-д Монгол Улсын гишүүнээр элссэн үйл явц, ач холбогдлын талаар үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ, Монгол Улс ДХБ-д элссэн нь бүтцийн томоохон өөрчлөлт авчирсан бөгөөд худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогыг тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой болгож, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлж, дэлхийн зах зээлд нэвтрэхэд түлхэц болсон. Тарифын үүрэг амлалт авснаар бодлогоо дэлхийн дүрэм журамтай уялдуулж, Монгол Улс ил тод байдал, шинэчлэл, олон улсын хамтын ажиллагаанд тууштай байгаагаа дэлхий нийтэд таниулсныг онцлон тэмдэглэв.
Форумаар дэлхийн худалдаанд тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа энэ үед олон талт худалдааны систем дэх бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар хэлэлцэж, CAREC-ийн гишүүдийн дэлхийн зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, илүү уян хатан дэлхийн үнэ цэнийн сүлжээг дэмжих боломжуудыг тодорхойлох; ДХБ-д элсэх, гишүүнчлэлийн талаарх туршлага, сургамж солилцох ажлыг хөнгөвчлөх талаар хэлэлцэв.
Энэхүү форумд ДХБ-ын гишүүн, Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны гишүүн Монгол, Хятад, Казакстан, Гүрж, Киргиз, Пакистан болон одоогоор элсэх шатандаа явж буй Азербайжан, Туркменистан, Узбекистан зэрэг орны хэлэлцээрийн ахлагчид болон засгийн газрын өндөр түвшний албан тушаалтнууд, Байнгын төлөөлөгч, Элчин сайд нар оролцлоо.