images

НҮБ-ЫН ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН 16 ДУГААР БАГА ХУРЛЫН САЛБАР ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2025-10-23

9

ШХУ-ын Женев хотноо энэ 10 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд хуралдаж буй НҮБ-ын Худалдаа, хөгжлийн 16 дугаар Бага хуралд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа 10 дугаар сарын 20-ны өдөр “Гаалийн бүрдүүлэлтийн автоматжуулсан систем (ASYCUDA)-Үр ашигтай, аюулгүй, тогтвортой худалдааг дэмжих шинэ технологи” сэдэвт хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцов.

Тэрээр хэлсэн үгэндээ, улс орнуудыг дижитал системээр холбох, өгөгдөл солилцох замаар хамтран ажиллах боломжийг олгохын зэрэгцээ хил дамнасан худалдааны саад тотгорыг бууруулах, цахим коридор бий болгох, Монгол зэрэг далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд алслагдсан байдлаас интеграцид нэгдэх, дэлхийн нэмүү өртгийн сүлжээнд оролцох боломжийг тус сисием бүрдүүлдгийг онцлон тэмдэглэв.

Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллага (UNCTAD)-ын Гаалийн бүрдүүлэлтийн автоматжуулсан систем (ASYCUDA)-ийн Зөвлөх хорооны гишүүнээр 2024 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд тус хөтөлбөрийн стратегийн зорилго, хяналт, урт хугацааны үр нөлөөг хангахад хувь нэмэр оруулж байна.

Монгол Улс НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын техникийн туслалцааны “Гаалийн мэдээллийн автоматжуулсан систем буюу ASYCUDA” хөтөлбөрт 1992-2001 онд хамрагдаж, 2025 оноос Европын сэргээн босголт хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр шинэ хувилбар болох ASY 5-д нэгдэх дотоод орчны шинжилгээ, бэлэн байдлын үнэлгээ хийлгэж байгаа билээ.

Гаалийн бүрдүүлэлтийн автоматжуулсан систем дэлхийн 100 гаруй улсад хэрэгжиж, гаалийн үйл ажиллагааг орчин үеийн шаардлагад нийцүүлэн автоматжуулах, худалдааны үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.