ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ БАТЛАВ
Швейцарын Женев хотноо хуралдаж буй НҮБ-ын Худалдаа, хөгжлийн 16 дугаар бага хурлын хүрээнд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Сайд нарын хурлыг 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын төлөөлөгчид даргалан зохион байгууллаа.
Тус бүлгийн зохицуулагч, Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа хурлыг нээж хэлсэн үгэндээ, далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгамдаж буй худалдааны саад бэрхшээлийг даван туулах, ДГХБО-уудын Үйл ажиллагааны Авазагийн хөтөлбөр (2024-2034)-ийг хэрэгжүүлэхэд НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд, ДХБ, гишүүн орнууд идэвхтэй хамтран ажиллахыг уриаллаа.
Сайд нарын хуралд НҮБ-ын ХХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ребекка Гринспан, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима, НҮБ-ын Европын Эдийн засгийн комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Татьяана Молсеан, Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Күүк Хамильтон, Дэлхийн худалдааны байгууллагын Дэд захирал Жанг Шиангчен, Швейцарын Засгийн газрыг төлөөлж, Эдийн засгийн асуудал эрхэлсэн НБДГ-ын дарга Р.Моника нар хүндэт зочноор уригдан оролцож үг хэлэв.
Далайд гарцгүй хөгжиж буй 32 улсаас 26 улсын худалдааны сайд, дэд сайд, төлөөлөгчдийн тэргүүн нар байр сууриа илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Хурлаас ДГХБО-уудын Сайд нарын хамтарсан тунхаглалыг баталж, НҮБ-ын Худалдаа хөгжлийн 16 дугаар Бага хурлын төгсгөлийн баримт бичигт тусгахаар Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлэв.