НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ НЭГДҮГЭЭР ХОРООНЫ ХУРАЛДААНД БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ ҮГ ХЭЛЭВ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Зэвсэг хураах болон олон улсын аюулгүй байдлын асуудлаарх нэгдүгээр хорооны Ерөнхий санал шүүмжлэл Нью-Йорк хотноо энэ 10 дугаар сарын 8-17-ны өдрүүдэд болж байна.
Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Ерөнхий санал шүүмжлэлийн 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанд зэвсэг хураах болон олон улсын аюулгүй байдлын асуудлаар манай улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ.
Тэрээр Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах дэглэмийн тулгын чулуу болохыг тэмдэглэж, Монгол Улс үй олноор хөнөөх зэвсгийг хураах, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг тууштай зорьж байгааг нотлов.
Мөн манай улс 2025 оны 6 дугаар сард Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсныг дурдаж, 2026 оны 1 дүгээр сард Зэвсэг хураах бага хурлыг даргалах бэлтгэлээ хангаж буйг мэдээлэв.