images

ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНД МОНГОЛ УЛСЫН БОЛОН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН БҮЛГИЙН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЭВ

Мэдээ мэдээлэл

2025-10-07

28

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2025 оны 10 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Ерөнхий Зөвлөлийн хуралдаан боллоо.

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа 10 дугаар сарын 6-ны өдөр “Хөгжлийн төлөө хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх хэлэлцээр”-ийг ДХБ-ын Хэлэлцээрийн 4 дүгээр хавсралтад оруулах тухай хэлэлцүүлэгт Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв.

Тэрээр “Хөгжлийн төлөө хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх хэлэлцээр” нь зах зээлд нэвтрэх, хөрөнгө оруулалтыг хамгаалах тухай биш, харин хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, тогтвортой хөгжлийг дэмжих ил тод байдал, урьдчилан таамаглах, хөнгөвчлөх арга хэмжээний тухай гэдгийг онцолж, уг хэлэлцээрийг ДХБ-ын Хэлэлцээрийн 4 дүгээр хавсралтад оруулах санаачилга нь хөгжиж буй орнуудад чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Мөн Ерөнхий Зөвлөлийн хуралдааны хоёр дахь өдөр буюу 10 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улс Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Женев дэх бүлгийн зохицуулагчийн хувиар Туркменистан Улсын Аваза хотноо хуралдсан ДГХБО-уудын 3 дугаар Бага хурлын үр дүн болон ДГХБО-уудын 2024-2034 оны Авазагийн хөтөлбөрийг ДХБ-ын гишүүнд орнуудад танилцуулж, эдгээр орнуудын худалдаанд тулгарч буй саад тотгорыг багасгах, дэлхийн худалдаанд тэдний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг уриаллаа.