images

МОНГОЛ УЛС “ВАЛЭГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ”-Т АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2025-10-04

46

Швейцарын Холбооны Улсын Валэ мужийн Мартини хотод 65 дахь жилдээ зохион байгуулж буй “Валэгийн үзэсгэлэн яармаг”-т Монгол Улс хоёр дахь жилдээ амжилттай оролцож байна.
 
Энэ оны 9 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 05-ны өдрийг дуустал 10 хоногийн турш үргэлжлэх тус үзэсгэлэн яармагт олон улсын 420 гаруй аж ахуйн нэгж, байгууллага бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагаагаа сурталчилж байна.
 
Элчин сайд Д.Гэрэлмаа тус үзэсгэлэнд зочилж, Монгол Улсыг төлөөлөн амжилттай оролцож буй “Хүннү фэйшн”, “Тойтол толгой хайрхан”, “Тод оймс” тэргүүтэй арьс шир, ноос ноолуур, модон эдлэл, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 10 гаруй байгууллагын төлөөлөгчдөд баяр хүргэж, талархал илэрхийллээ.
 
Европын бүс нутагт танигдсан, жил бүр 300,000- 400,000 хүн үзэж сонирхдог Швейцарын гурав дахь том үзэсгэлэн “Валэгийн үзэсгэлэн яармаг”-т Монгол Улс 2024 онд анх удаа уригдан “Хүндэт зочин”-оор оролцож, Монгол Улсын үндэсний онцлогийг харуулсан бараа бүтээгдэхүүн, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулан, “Монголын соёлын өдөрлөг”-ийг зохион байгуулж эх орноо сурталчилсан билээ.