images

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 60 ДУГААР ЧУУЛГАНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, АРГА ХЭМЖЭЭНД ҮГ ХЭЛЭВ

Мэдээ мэдээлэл

2025-09-18

83

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 60 дугаар чуулган 2025 оны 9 дүгээр сарын 8-наас 10 дугаар сарын 8-ны өдрүүдэд Женев хотноо болж байна. Ээлжит чуулганаар хүний эрхийн өргөн хүрээтэй асуудал, түүний дотор залуучууд ба хүний эрх, нэг талын албадлагын арга хэмжээ, уугуул иргэд, интерсекс хүмүүсийн эсрэг хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, НҮБ-ын хүрээнд жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих зэрэг сэдвээр нийт 5 панел хэлэлцүүлэг явуулж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хүний эрхийн Дээд комиссар, түүний алба болон Хүний эрхийн зөвлөлийн 26 тусгай мандат эзэмшигч нарын үйл ажиллагааны илтгэлийг тус тус сонсож, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Энэ хүрээнд манай улсын төлөөлөгчид 9 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд НҮБ-ын Орчин цагийн боолчлолын асуудлаарх Тусгай илтгэгч, Цэвэр ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн асуудлаарх Тусгай илтгэгч, Ахмад настны эрхийн асуудлаарх Бие даасан шинжээчтэй хийсэн хэлэлцүүлэг болон “Залуучууд ба хүний эрх” панел хэлэлцүүлэгт  тус тус Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг танилцуулж, үг хэлэв.

Мөн Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа НҮБ-ын хүний эрхийн боловсролын асуудлаарх тогтоол санаачлагч орнуудын зүгээс “Working Group on Human Rights Education and Learning” ТББ-тай хамтран 9 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан “Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийн 4 дэх үе шатны хэрэгжилт, үнэлгээ” сэдэвт тусгай арга хэмжээнд илтгэгчээр оролцож, хүний эрхийн боловсролыг хөхиүлэн дэмжих чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. Тус арга хэмжээнд Бразил, Маврики, Мексик, Словени Улсын Засгийн газрын төлөөлөл, эрдэмтэн судлаач нар болон НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын албаны төлөөлөгчид мөн оролцож, хүний эрхийн боловсролыг хөхиүлэн дэмжих, түгээх чиглэлээр үндэсний түвшинд авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, сорилт хийгээд цаашдын зорилтын талаар танилцуулж хэлэлцүүллээ.

Чуулганы үйл ажиллагаа үргэлжилж байна.