ЕВРОП ДАХЬ МОНГОЛ ХӨӨМИЙН АНХДУГААР НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Romainmôtier хотноо энэ оны 8 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Европ дахь Монгол #хөөмийн анхдугаар наадмыг санаачлан амжилттай зохион байгуулсан “Echoes of steppes” ТББ-ын тэргүүн Люкас Вертези, Монгол хөөмийн өлгий-Ховд аймгийн Чандмань сумаас хүрэлцэн ирсэн зочин шүүгч, хөгжим урлаач, хөөмийч Ч.Баатарсүрэн нарыг хүлээн авч уулзлаа.
Зохион байгуулагчид анхдугаар наадмын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа дурдаад, тус ЭСЯ-ны оролцоо, дэмжлэг туслалцаанд талархал илэрхийлж, цаашид наадмыг тогтмол зохион байгуулах, цар хүрээг өргөжүүлэхээр зорьж байгаагаа мэдээлэв.
Монголын өв соёл, язгуур урлагийн хөөмийн гайхамшгийг олон улсад сурталчлан таниулах, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх зорилготой #Хөөмийн_наадамд Монгол, Нидерланд, Хорват, АНУ, Швейцар, Чех, Австри, Герман, Франц, Люксембург, ОХУ-ын Тува, Хятад, Итали зэрэг дэлхийн 13 улсын 37 уран бүтээлч оролцож, ур чадвар, авъяас билгээ сорьсноос:
• Тэргүүн байрт ОХУ-ын БНТува Улсын хөөмийч Dalai Damdin,
• Дэд байрт Нидерланд Улсын хөөмийч Frodi Fransman,
• Гутгаар байрт Монгол Улсын хөөмийч Г.Хосбаяр,
• Онцлох үзүүлбэрээр Швейцарын хөөмийч Bruno Bieri, АНУ-ын Jacob “Kuja” Jyawook нарын үзүүлбэр шалгарав.
Наадмын шүүгчээр Нидерланд Улсын уран бүтээлч, алтай ятгын хөгжимчин Рован Хартсүикер, ОХУ-ын БНТува Улсын хөөмийн холбооны тэргүүн Игорь Кошкендэй нар ажилласан байна.
Мөн үеэр монгол хөөмий, уртын дуу, монгол бүжгийн танилцуулга-сургалт, ардын аман зохиолын зохиомжит хөтөлбөрийг зохион байгуулж, Монголын ноос ноолуур, гар урлалын бараа бүтээгдэхүүний дээжээс танилцуулсан билээ.
Монгол хөөмийн наадмын мэдээллийг https://www.echoesofthesteppe.com/ -с үзнэ үү.