ЛОКАРНОГИЙН ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН “ОНЦЛОХ КИНО”-ГООР ШАЛГАРЛАА
Кино найруулагч П.Лхагвадулам, Монгол Улсын “Гуру Медиа” продакшн, Францын “Аврора фильмс” компанийн хамтын бүтээл “Урагшаа харсан цонх” богино хэмжээний кино Швейцарын Локарно хотноо 2025 оны 8 дугаар сарын 6-16-ны өдрүүдэд болсон Локарногийн олон улсын 78 дахь удаагийн кино наадмын “Онцлох кино”-ны нэгээр шалгарлаа.
Локарногийн кино наадмын уралдаант шалгаруулалтын хэсэгт Монгол Улсаас анх удаа сонгогдсон тус киноны нээлтэд гол дүрийн жүжигчин М.Алтаншагай, М.Аззаяа, “Аврора Фильмс” компанийн уран бүтээлч К.Катя нар хүрэлцэн ирж оролцлоо.
Нийслэл Улаанбаатар хотын амьдрал, залуу гэр бүлүүдэд тулгамдсан асуудлыг хөндсөн тус кино Монголын хээр тал, нүүдэлчин амьдралын хэв маягийн тухай хэвшмэл нийтлэг ойлголтыг шинэчлэх, орчин үеийн бүтээн байгуулалт, хотжилт, залуусын амьдралыг шинэ өнцгөөр харуулахад хувь нэмэр оруулсан гэж үзэгчид сэтгэгдлээ хуваалцсан байна.
Энэ жил тус кино наадмын уралдааны гурван ангилалд 25 орны 40 кино бүтээл шалгарч өрсөлджээ.