ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулган энэ оны 7 дугаар сарын 8-17-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болж байна. Чуулганд Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа, Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан нар оролцож байна.
Энэ удаагийн чуулганд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн 193 улс оюуны өмчийн эрхийг хамгаалах чиглэлээрх олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, байгууллагын ажлын ахиц дэвшлийг дүгнэж, цаашдын бодлогын чиглэлийг хэлэлцэнэ.
Мөн энэ удаагийн чуулганд 40 улсын сайд, дэд сайд болон 100 гаруй улсын оюуны өмчийн газрын дарга нар оролцож буй нь Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий Ассамблейн түүхэнд хамгийн өргөн оролцоотой өндөр түвшний чуулган болж буйгаараа онцлог байна.
Чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа оюуны өмчийн эрхийг хамгаалах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж үг хэлэв.