“ДИПЛОМАТ АЛБАНД АЖИЛЛАЖ БУЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОЛОН УЛСЫН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ТУСГАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 59 дүгээр чуулган Женев хотноо 6 дугаар сарын 16-ны өдрөөс 7 дугаар сарын 9-ний өдрийн хооронд болж байна. Чуулганы үеэр нийт 4 панел хэлэлцүүлэг явагдаж, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар болон түүний алба (ХЭДКА), Хүний эрхийн зөвлөлийн тусгай мандат эзэмшигч нар 60 гаруй илтгэл танилцуулж, 32 тусгайлсан хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Гурван жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дипломат албанд ажиллаж буй эмэгтэйчүүдийн олон улсын өдөр” хэмээх түүхэн 76/269 тоот тогтоолыг баталж, жил бүрийн 6 дугаар сарын 24-ний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл эл өдөр тусгай хэлэлцүүлэг зохион байгуулж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмэр, ололт, сорилт бэрхшээл, шийдлийн талаар хэлэлцлээ. Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа дээрх хэлэлцүүлэгт оролцож, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээрх Монгол Улсын гадаад бодлогын зорилт, дипломат албан дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд гарч буй ахиц дэвшил, олон улсын хүч чармайлтад Монгол Улсын оруулж буй хувь нэмрийн талаар танилцуулав.
Дэлхий даяар олон олон эмэгтэйчүүд энх тайван, хүмүүнлэгийн үзэл санааг түгээн дэлгэрүүлж, хүний эрхэм чанар, хүний эрхийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан ажилладаг билээ. Энэхүү олон улсын өдрийг тохиолдуулан Женев хотноо үйл ажиллагаа явуулж буй ДТГ-ууд, олон улсын болон бусад байгууллагад ажиллаж буй эмэгтэйчүүд сорилт дүүрэн ч зорилго өндөр, эрхэм хүндтэй үйлсэд итгэл төгс зүтгэхийн илэрхийлэл болгон гал улаан өнгийн дор нэгдлээ.