images

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН САЛБАРЫН ЗАСАГЛАЛЫН ЖЕНЕВИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2025-06-13

8

Аюулгүй байдлын салбарын засаглалын Женевийн төв (DCAF)-ийн Удирдах зөвлөлийн 50 дугаар уулзалтад Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа оролцож, тус байгууллагын идэвхтэй үйл ажиллагаа, ач холбогдол, Монгол Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагааны талаар үг хэллээ. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд дэлхийн 40 улсын 43 төлөөлөгч, түүний дотор Азийн орнуудаас Монгол Улс багтдаг.
 
Үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой нь энэ онд тохиож буй тус байгууллага түнш орнууддаа хүний эрхийг хангах үндсэн зорилтын хүрээнд аюулгүй байдлын салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох байгууллага, албан хаагчид, иргэний нийгмийн төлөөллийн чадавхыг бэхжүүлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд манай улс 2014 онд түнш орон болж, хамтарсан төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
 
Манай улсын санаачилсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” Бага хуралд тус төв оролцоогоо хадгалж ирсэн бөгөөд энэ оны 6 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд болсон 10 дугаар Бага хуралд Ази, Номхон далайн газрын захирал Др.Албрехт Шнабел, Бүс нутгийн төсөл хөтөлбөр хариуцсан ажилтан Рохит Карки нар оролцож, салбар хэлэлцүүлгийн хамтран зохион байгуулагч-чиглүүлэгчээр ажилласан билээ.