ШВЕЙЦАРЫН АЛТНЫ ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ТАЛААР ЯРИЛЦАВ
Элчин сайд Д.Гэрэлмаа энэ сарын 04-ний өдөр Швейцарын Алтны Холбоо (Swiss Better Gold Association)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Диана Куллиластай цахим уулзалт хийлээ.
Уулзалтаар, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 2005 оноос хойш Монгол Улсад хэрэгжүүлсэн “Тогтвортой бичил уул уурхай” төслийн үр дүнг харгалзан цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Швейцарын алтны шаардлагыг хангасан, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайгаас олборлосон алтыг Швейцарт, улмаар тус холбооны гишүүн-хэрэглэгч тансаг зэрэглэлийн гоёл чимэглэлийн үйлдвэрт нийлүүлэхийг дэмжих Swiss Better Gold Initiative for Artisanal and Small-Scale Mining төслийн ач холбогдол, судалгаа шинжилгээ, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.
Швейцарын Алтны Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Диана Куллилас энэ сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллах юм.
Монголбанк, Стандарт, хэмжил зүйн газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уул уурхай” төсөл хамтран Баянхонгор, Булган, Дархан-Уул аймагт бичил уурхайчдад зориулан алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, ил тод болгох, алтны худалдааны төвлөрлийг сааруулах зорилгоор алтны сорьц тогтоох, худалдан авах, баталгаажуулах “Нэг цэгийн үйлчилгээний төв”-үүдийг 2018-2019 онд байгуулан ажиллаж байв.