ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАГА ХУРЛЫН ЭЭЛЖИТ 113 ДУГААР ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ
Олон улсын хөдөлмөрийн Бага хурлын 113 дугаар чуулган Женев хотноо үргэлжилж байна. Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа чуулганы 6 дугаар сарын 5-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсад зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хууль, эрх зүйн орчны шинэчлэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж үг хэлэв.
Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Монгол Улсын Засгийн газраас Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-тай хамтран хөдөлмөр эрхлэлтийн хууль, эрх зүйн орчны цогц үнэлгээ хийж, хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бэхжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжоо шинэчлэх, албадан хөдөлмөрийн бүх хэлбэрийг устгахад анхаарч ажиллаж байгаагийн зэрэгцээ байгаль орчны тогтвортой байдал, зохистой хөдөлмөр эрхлэлтийг хослуулах замаар ногоон эдийн засагт шилжих шилжилтийг дэмжиж, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж, ногоон ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгааг танилцуулав. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар 2025 онд нийгмийн хамгааллын хүртээмжийг сайжруулах, тэтгэмж олгох ажлыг цахимжуулах, тэтгэврийн тогтолцоог шинэчилж, нийгмийн даатгалын тогтолцоог илүү хүртээмжтэй, шуурхай болгох шинэчлэлийн алхмуудыг авч хэрэгжүүлж байгааг мэдээллээ.
Нийгмийн гурван талт яриа хэлэлцээ нь Монгол Улсын хөдөлмөрийн бодлогын тулгын чулуу болохыг Байнгын төлөөлөгч онцолж, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо нь хөдөлмөрийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, зохистой хөдөлмөрийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн шинэ тутам асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэсээр байгааг тэмдэглэлээ.