ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАГА ХУРЛЫН ЭЭЛЖИТ 113 ДУГААР ЧУУЛГАН ЖЕНЕВ ХОТНОО БОЛЖ БАЙНА
Олон улсын хөдөлмөрийн Бага хурлын 113 дугаар чуулган 2025 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Женев хотноо үйл ажиллагаагаа эхэллээ. Чуулганд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ажил олгогч эздийн холбоо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Монгол үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл оролцож байна.
Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын 187 гишүүн орны гурван талын 6,000 гаруй төлөөлөгч хуран цугласан ээлжит чуулганаар биологийн аюултай хүчин зүйлээс хамгаалах тухай олон улсын конвенц, зөвлөмж батлах асуудлаарх хоёр дахь хэлэлцүүлэг, платформ эдийн засагт зохистой хөдөлмөрийг хангах талаар олон улсын конвенц боловсруулах асуудлаарх эхний хэлэлцүүлэг, албан бус хөдөлмөр эрхлэлтийг бууруулж, албан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэлэг арга зам, энэ оны 11 дүгээр сард Доха хотноо болох Нийгмийн хөгжлийн асуудлаарх дэлхийн хоёрдугаар чуулга уулзалтад ОУХБ-аас дэвшүүлэх гурван талт санал, зөвлөмж, Далайн хөдөлмөрийн тухай конвенцын Дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, ОУХБ-ын суурь конвенциудын хэрэгжилт зэрэг болон холбогдох бусад асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн чуулганаар ОУХБ-ын 2026-2027 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн төслийг хэлэлцэн батална.
ОУХБ-ын Ерөнхий захирал Гилберт Хунгбо чуулганыг нээж хэлсэн үгэндээ албан бус хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл, залуучуудын хөдөлмөрийн дутуу ашиглалт, технологийн хурдацтай дэвшил, дижиталчлал, хиймэл оюун ухааны хэрэглээ, уур амьсгалын өөрчлөлтөөс ажлын байранд үзүүлж буй нөлөөлөл зэрэг сорилтыг шийдвэрлэх, хариу арга хэмжээ авах нь нэн чухлаар тавигдаж байгааг онцолж, энэ удаагийн чуулган хөгжлийн эдгээр шинэ тутам асуудлыг үнэлж дүгнэн, шийдэл дэвшүүлэх боломжийг олгоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлт, хууль, эрх зүйн орчны шинэчлэл, ололт, сорилтын талаар танилцуулж, Засгийн газрын байр суурийг илэрхийлнэ. Ээлжит 113 дугаар чуулган 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилнэ.