images

ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ГҮЙЦЭТГЭХ ДЭД ЗАХИРАЛ Д.ТЕМБОТОЙ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2025-05-28

24

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх дэд захирал Дороти Темботой энэ сарын 27-ны өдөр уулзаж, санал солилцлоо.
Уулзалтын эхэнд талууд Монгол Улс, ОУХТ-тэй хөгжүүлж буй хамтын ажиллагааны ололт амжилт, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
 
Тухайлбал, Гүйцэтгэх дэд захирал Д.Тембогийн 2022 онд Монгол Улсад хийсэн ажлын айлчлал, 2023 онд Улаанбаатар хотноо хамтран зохион байгуулсан Дэлхийн экспортыг дэмжих форум, Монгол Улсын үндэсний экспортын стратегийг боловсруулах төсөл, эмэгтэйчүүдийг чадавхижуулах “SheTrades hub” санаачилга зэргийг онцлон тэмдэглэж, цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцав.
 
Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа ОУХТ, ДХБ-аас хамтран зохион байгуулж буй “Цахим худалдаан дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих төсөл”-ийн анхдугаар үе шатыг хэрэгжүүлэх дэлхийн дөрвөн улсын нэгээр Монгол Улс шалгарсанд баяртай байгаагаа илэрхийлж, энэ оны 4 дүгээр сараас хойш тус хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад нийт 300 гаруй өргөдөл, хүсэлтийг МҮХАҮТ хүлээн авсныг танилцууллаа.
 
Уулзалтын үеэр дэд захирал Д.Тембо энэ оны 7 дугаар сард ӨАБНУ-д зохион байгуулах Жижиг, дунд үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн сайд нарын дэлхийн анхдугаар уулзалт (Global SME Ministerial Meeting)-ын талаар, Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа ирэх 8 дугаар сард Улаанбаатар хотноо болох Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын талаар мэдээлэл өгч, талуудын идэвхтэй оролцоог хангахад анхаарч ажиллахаар тогтов.