images

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН AССАМБЛЕЙН 78 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2025-05-26

110

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид Женев хотноо 2025 оны 5 дугаар сарын 19-27-ны өдрүүдэд “Эрүүл мэндийн төлөөх нэг дэлхий” сэдвийн дор чуулж буй Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 78 дугаар чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж, видео мэндчилгээ дэвшүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэвшүүлсэн мэндчилгээндээ “цар тахлын сургамжийг үндэслэн дэлхий нийтээрээ хамтран ажиллаж, шинэ аюул заналд бэлэн байх нь нэн чухал” болохыг тэмдэглээд “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж, иргэдийг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх бодлого баримталж буйг онцлон тэмдэглэв. Мөн Монгол Улс ДЭМБ-д тууштай дэмжлэг үзүүлж ирсэн уламжлалаа үргэлжлүүлэн, олон улсын эрүүл мэндийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулсаар байхыг дахин нотлов.
Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 78 дугаар чуулганы хүрээнд болсон ДЭМБ-ын хөрөнгө оруулалтын талаарх амлалт өгөх өндөр түвшний арга хэмжээнд Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа оролцож, үг хэлэв. Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ тус арга хэмжээ нь олон улсын эрүүл мэндийн салбар дахь эв нэгдэл, хамтын хариуцлагыг илтгэсэн чухал санаачилга болохыг онцлон тэмдэглэв. Тэрээр Монгол Улсын хувьд эрүүл мэндийг хүний үндсэн эрх, тогтвортой хөгжлийн тулгуур хэмээн үздэгийг онцлон тэмдэглээд үндэсний эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг тууштай зорьдгийг дахин нотлов. Түүнчлэн Монгол Улс ДЭМБ-ын Үйл ажиллагааны 14 дүгээр ерөнхий хөтөлбөрийг дэмжиж, сайн дурын хандив өгч байгааг мэдээлсэн. Мөн эл хөтөлбөрийг бүрэн санхүүжүүлснээр ирэх дөрвөн жилд 40 сая хүний амь насыг аврах боломжтойг онцлон тэмдэглэж, бүх гишүүн улс, оролцогч бусад талыг ДЭМБ-д санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг уриалсан.
Мөн Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукалатай хоёр талын уулзалт хийв. Уулзалтаар Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа гурван жил үргэлжилсэн хэлэлцээ үр дүнгээ өгч Цар тахлын эсрэг хэлэлцээрийг баталсан нь дэлхийн улс орнууд эрүүл мэндийн төлөө эв нэгдэлтэй байгааг, олон талт хамтын ажиллагааны ач холбогдол өндөр хэвээр байгааг нотлон харуулсан үйл явдал болсныг онцлоод энэ жилийн ассамблейн чуулган түүхэн ач холбогдолтой онцгой чуулган болж буйг онцлон тэмдэглэсэн. Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукала Монгол Улс ДЭМБ-ын үйл ажиллагааг дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Талууд эрүүл мэндийн салбар, тэр дундаа эмийн чанар, аюулгүй байдлын асуудлаарх цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Дэлхийн улс орнуудыг газар зүйн байрлал, хамтын ажиллагааны хүрээгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 6 бүсэд хуваадаг Монгол Улс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсэд харьяалагддаг. Дэлхийн эрүүл мэндийн aссамблейн 78 дугаар чуулганы 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Индонез Улс Зүүн Өмнөд Азийн бүсээс Номхон далайн баруун бүсэд шилжсэнээр манай бүс 2,2 тэрбум хүний төлөөлөлтэй хамгийн том бүс болсон.