images

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН AССАМБЛЕЙН 78 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2025-05-20

44

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 78 дугаар чуулган 2025 оны 5 дугаар сарын 19-27-ны өдрүүдэд Женев хотноо “Эрүүл мэндийн төлөөх нэг дэлхий” сэдвийн дор чуулж байна. Чуулганд Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлж, дэлхий нийтийг хамарсан цар тахал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг эрүүл мэндийн сорилтыг хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Тэрээр Монгол Улсын Засгийн газар хүн бүрийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангахад тууштай анхаарч буйг дахин нотолж, эрүүл мэндийн тогтолцоогоо Тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлэн бэхжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв.

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 78 дугаар чуулганаар гишүүн улсууд олон улсын эрүүл мэндийн тогтолцоо, цар тахлын бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх, уур амьсгалын өөрчлөлт, зэвсэгт мөргөлдөөн зэрэг олон хүчин зүйлийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагааг уялдуулах, мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх стратегийг хэлэлцэнэ.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын конвенц, хэлэлцээр эсхүл олон улсын бусад баримт бичгийн төслийг боловсруулж, хэлэлцээ хийх Засгийн газар хоорондын хэлэлцээний Ажлын хэсгийг 2021 онд байгуулсан. Ажлын хэсэг Цар тахлын эсрэг хэлэлцээрийн асуудлаар гурван жилийн турш хэлэлцээ явуулж, улмаар Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 78 дугаар чуулганы 5 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар баталсан нь Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн түүхэнд онцгой ач холбогдолтой үйл явдал болов.