БУРХАН БАГШИЙН ДҮЙЧИН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 54 дүгээр чуулганаар баталсан 54/115 тоот тогтоолын дагуу Бурхан багшийн дүйчин өдрийн хүндэтгэлийн арга хэмжээг Женев дэх НҮБ-ын байранд жил зохион байгуулдаг.
Энэ 5 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан арга хэмжээнд Бурханы шашин дэлгэрсэн орнуудын Байнгын төлөөлөгчид оролцлоо.
Уг арга хэмжээнд Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа оролцож, Бурханы шашинтан монголчууд энэхүү ариун өдрийг шашин нэгтнүүдтэйгээ сүсэглэн тэмдэглэж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Бурхан багшийн сургааль дэлхийн энх тайвныг сахин бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, хүний эрхийг хангахад чухал үүрэгтэйг тэмдэглэв.
Мөн тэрээр амьтан бүхэн зол жаргалыг хүсч, зовлон бэрхшээлийг үл хүсдэг хэмээн Бурхан багшийн айлдсаныг дурдаж, чухамхүү энэхүү зорилгоор хүн төрөлхтөний сайн сайхны төлөөх НҮБ-ыг байгуулсныг тэмдэглэсэн.