images

ЭЛЧИН САЙД, БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ “МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН САЛБАР ДАХЬ ОХИДЫН ОЛОН УЛСЫН ӨДӨР - 2025” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2025-04-25

17

Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-ын төв байранд 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр болсон “Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбар дахь охидын олон улсын өдөр - 2025” арга хэмжээнд оролцов.
Арга хэмжээний хүрээнд Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа “Менторшип” хөтөлбөрт онцлох ментороор оролцож, технологийн салбар дахь дипломат ажиллагааны чиглэлээр өөрийн туршлага, мэдлэгийг хуваалцав. Чингэхдээ Женевт үйл ажиллагаа явуулж буй нийгэмлэг, холбоод болон дипломат хүрээллийн төлөөлөл болох 12-20 насны охид, бүсгүйчүүдтэй харилцан ярилцаж, тэдэнд урам зориг өгч, дижитал шилжилтийг жендерийн мэдрэмжтэй, хүртээмжтэй байдлаар хэрэгжүүлэх нь илүү тэгш, инновацлаг ирээдүйг цогцлооход чухал хүчин зүйл болохыг онцлон тэмдэглэв.
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа арга хэмжээнд оролцох үеэрээ хэлсэн үгэндээ охид, бүсгүйчүүдийг мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт хүчирхэгжүүлэх нь зөвхөн ёс суртахууны шаардлага бус, ирээдүйд чиглэсэн стратегийн чухал хөрөнгө оруулалт болохыг тэмдэглэж, дижитал орчинд тэгш боломж, хүртээмжийг нэмэгдүүлэх нь тогтвортой хөгжлийг хангах, бүтээлч байдал, инновац болон дэлхий нийтийн энх тайвныг бэхжүүлэх бат бөх суурь болохыг онцлов.
Арга хэмжээг ОУЦХБ “Жендерийн тэгш байдлын төлөөх олон улсын манлайлагчид”-тай хамтран зохион байгуулж, ОУЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дорийн Богдан-Мартин болон дижитал шилжилт, хүний эрхийн чиглэлээр тэргүүлэн ажиллаж буй нэр хүндтэй удирдагчид оролцож, харилцан яриа, интерактив хэлэлцүүлгүүдийг өрнүүлэв.
Эл арга хэмжээ нь үе үеийн төлөөллийг холбосон харилцаа, менторшип, манлайллын боломжийг дэмжих замаар ирээдүйн эмэгтэй шинийг санаачлагчид, технологийн манлайлагчид болон бодлого боловсруулагчдад урам зориг өгч, хөхиүлэн дэмжиж, оролцоог нь нэмэгдүүлэхэд чиглэсэн болно.