БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ЭЛЧИН САЙД НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН КОМИССЫН 28 ДУГААР ЧУУЛГАНД МЭДЭЭЛЭЛ, ТАНИЛЦУУЛГА ХИЙВ
Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2025 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр болсон НҮБ-ын Хөгжлийн төлөөх Шинжлэх ухаан, технологийн комиссын 28 дугаар чуулганы өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцож, Монгол Улсын Засгийн газраас шинжлэх ухаан, технологи, инновацын паркийг хөгжүүлэх талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж, мэдээлэл хийв.
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа мэдээлэлдээ Монгол Улсын Засгийн газар Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг анх удаа боловсруулж батлуулахаар ажиллаж буйг онцолж, мөн манай улсын Засгийн газар НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллага (UN Trade and Development, UNCTAD)-тай хамтран Шинжлэх ухааны паркийг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж буй нь шинжлэх ухаан, технологи, инновацын паркийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бодлого тодорхойлогч болон оролцогч бусад талын чадавхыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагатай хамтран “Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан Шинжлэх ухаан, технологи, инновацын парк: Монгол Улсын бодлогын орчин, практик чадавхыг бэхжүүлэх нь” төслийг 2023 оны 10 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Төслийг 2026 онд хэрэгжүүлж дуусна. Төслийн хүрээнд шинжлэх ухаан, технологи, инновацын паркийн хөгжлийг дэмжих нэгдсэн бодлого, институцийн тогтолцоог бий болгоход шаардагдах хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, манай улсын шинжлэх ухаан, технологи, инновацын паркийн давуу, сул талыг тодорхойлох, хөгжиж буй бусад улсын сайн туршлагыг судалж, бодлогын зөвлөмж боловсруулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.
НҮБ-ын Хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологийн комиссын 28 дугаар чуулган 2025 оны 4 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо чуулж буй бөгөөд Комисс нь НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл (ECOSOC)-ийн дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг. Комиссын чуулганаар шинжлэх ухаан, технологи, хөгжлийн асуудлыг хэлэлцэж, зөвлөмж гаргадаг байна. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллага нь тус Комиссын Нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг гүйцэтгэж, шаардлагатай бусад дэмжлэгийг үзүүлдэг.