images

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2025-03-19

55

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүн Д.Гэрэлтэй уулзав.

Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хүрээнд Монгол Улс, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд саадгүй оролцдог ээлтэй орчныг бүрдүүлж буй Швейцарын Холбооны Улсын сайн туршлага, түүнийг Монгол Улсад нутагшуулах боломжийн талаар ярилцав.

АНУ-ын Нью-Йорк хотноо 2024 оны 6 дугаар сард зохион байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурлын үеэр НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны 2025-2028 оны гишүүний сонгууль болов. Тус сонгуульд Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумын үндэсний зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны 2021-2024 оны гишүүн Д.Гэрэл дахин нэр дэвшиж, санал хураалтаар олонхын санал авч тус хороонд 2025-2028 онд үргэлжлүүлэн ажиллахаар болсон.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг хянах үүрэгтэй тус хороо нь 18 гишүүнтэй, 4 жилийн хугацаатайгаар сонгогддог. Хорооны гишүүнээр ажиллах нэр дэвшигч нь хараат бус, алагчлах үзэлгүй, өндөр ёс суртахуунтай, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн байх зарчмыг баримталдаг ажээ.

Өдгөө дэлхий даяар 1,3 тэрбум хүн ямар нэгэн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй амьдарч байгаа нь нийт хүн амын 16 орчим хувь (зургаан хүн тутмын нэг нь)-ийг эзэлж буй бөгөөд 200 сая орчим хүн үйлдлийн бэрхшээлтэй байна. Тэднээс 100 сая гаруй нь хүүхэд юм. Эдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 80 гаруй хувь нь хөгжиж буй улсуудад амьдарч буй.