images

ШИНЖЛЭХ УХААНЫ ДИПЛОМАТ БОДЛОГО, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2025-03-17

73

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Женев хотноо ажиллах үеэрээ Женевийн Шинжлэх ухааны дипломат бодлогын урьдчилан төлөвлөх төсөл (GESDA) байгууллагад зочилж, санал солилцлоо.
 
Швейцарын Холбооны Улсын Засгийн газар, Женев кантоны Засгийн газраас санаачлан байгуулсан тус байгууллага нь тоон технологи, хиймэл оюун ухаан, роботын техникийн хурдацтай хөгжил, дэвшлийг дэлхий нийтэд, ялангуяа буурай хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын ард түмэнд тэгш хүртээмжтэй хүргэх, 5, 10, 25 жилийн хугацаанд хүрэх шинжлэх ухааны ололтод үндэслэн дэлхий нийтийг хамарсан олон талт асуудлыг урьдчилан таамаглах, төлөвлөх, шийдвэрлэх арга хэрэгслийг бий болгохыг зорьж, олон улсын эрдэмтэн, судлаачид, их, дээд сургууль, судалгаа шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөл, улс төрч, дипломатч, олон улсын байгууллагын удирдлага, олон улсын корпораци, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагыг хамруулан өргөн хүрээнд ажилладаг байна.
Уулзалтын үеэр талууд шинжлэх ухааны дипломат бодлогын ач холбогдол, хэтийн төлөвийн талаар ярилцаж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
 
Тэрээр мөн Женевт төвтэй Европын цөмийн судалгааны байгууллага (CERN)-д зочлон, үйл ажиллагаатай нь танилцав.
Дэлхийн олон орны эрдэм шинжилгээ-судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж, физикийн судалгааны хамгийн сүүлийн үеийн мэдээлэл солилцон технологи дамжуулах, олон түвшний сургалт зохион байгуулах зэргээр үйл ажиллагаагаа явуулдаг тус байгууллага 1954 онд байгуулагдсан бөгөөд 2600 байнгын ажилтан, 1500 түр ажилтан өдөр тутам судалгаа шинжилгээний ажил хийж, 608 их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнг төлөөлсөн 113 улсын 12 000 гаруй эрдэмтэн, инженер үйл ажиллагаатай нь танилцан, судалгаа, мэдээллийн баазыг идэвхтэй ашигладаг байна.
 
Тус байгууллага 24 гишүүн улс, 10 хавсарга гишүүн улс, 5 ажиглагч улс/байгууллага, хамтын ажиллагаатай /гишүүн бус/ 50 орчим улстай үйл ажиллагаагаа уялдуулан явуулж байна.
 
Уулзалтын үеэр тус байгууллагын үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулж, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах, 2014 онд байгуулсан хамтын ажиллагааны баримт бичгийн хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, түүний дотор багш, оюутнуудыг урт болон богино хугацааны сургалт, судалгааны ажилд оролцуулах чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаар тогтов.