images

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2025-02-20

11

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Саудын Арабын Хаант Улсын Байнгын төлөөлөгч, Элчин сайд Абдулмохсен Мажед Бин Хотайлатай 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Саудын Арабын Хаант Улсын Байнгын төлөөлөгчийн газарт уулзав.
 
Уулзалтаар Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа “Олон улсын бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-ийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Саудын Арабын Хаант Улстай хамтран Женев хотноо арга хэмжээ зохион байгуулах саналыг дэвшүүлэв. Саудын Арабын Хаант Улсын Байнгын төлөөлөгч, Элчин сайд Абдулмохсен Мажед Бин Хотайла саналыг хүлээн авч, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлcэн.
 
Бэлчээр нь дэлхийн хуурай гадаргын 54 хувь буюу 80 сая кв.км газар нутгийг эзэлж, ойролцоогоор 200 сая айл өрх бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэн, 100 гаруй улсын малчид 1 тэрбум мал маллаж, дэлхийн махны хэрэгцээний 10 орчим хувийг хангаж, 2 тэрбум хүний амьжиргаа, 1.2 тэрбум гаруй хүний хүнсний баталгаат байдал бэлчээр нутгаас хамааралтай байна.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцоос 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гаргасан “Даян дэлхийн газрын төлөв байдал: Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй” тайланд дэлхийн хэмжээнд бэлчээрийн доройтлыг ойролцоогоор 25 хувь гэж тооцсон өмнөх үнэлгээг “бэлчээрийн эрүүл байдал, бүтээмжийн алдагдлыг ихээхэн дутуу үнэлсэн” гэдгийг хүлээн зөвшөөрч, өдгөө бэлчээрийн доройтол 50 хувьд ч хүрсэн байж болзошгүйг анхааруулсан.
 
Монгол Улсын Засгийн газар 2018 онд “Олон улсын бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-ийг зарлан тэмдэглэх санаачилга гаргасан. Улмаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Бүгд хуралдаанаар манай улсын санаачилсан “Олон улсын бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүн улсууд санал нэгтэй баталсан.
“Олон улсын бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-ийг тэмдэглэн өнгөрүүлснээр дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах, экосистемийн үр ашгийг хүртэхэд бэлчээрийн мал аж ахуйн хувь нэмрийг дэлхий нийтэд сурталчлах, энэ талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэх, мөн бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг олон сая хүний амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг хэрэгжүүлэх, энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэх ахиц дэвшлийг түргэтгэх боломжийг олгоно.