ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСТАЙ МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТОГТОВ
Монгол Улсын Мал эмнэлгийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Малын удмын сангийн үндэсний төв, “Нүүдэлчин агро ферм” ХХК-ийн төлөөлөгчид 1 дүгээр сарын 27-31-ний өдрүүдэд Швейцарын Холбооны Улсад ажиллав.
МАЕГ-ын Мал эмнэлгийн Хяналт баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх тэргүүтэй манай төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсын Хүнсний аюулгүй байдал, мал эмнэлгийн байгууллагын Гадаад хамтын ажиллагааны газрын дэд дарга Андреас Висс, Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн экспорт-импорт хариуцсан хэлтсийн дарга Женифер Саурина нартай уулзалт хийж, хоёр улсын мал эмнэлэг, эрүүл ахуй, хорио цээрийн салбарт хамтран ажиллах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, туршлага судлах, Швейцараас мах, сүүний чиглэлийн SwissBrown үүлдрийн амьд үхэр болон хөврөл үр авах, Монгол малын гаралтай бүтээгдэхүүнийг Швейцарын зах зээлд экспортлох боломжийг судлан үзэх, энэ чиглэлд эрсдлийн үнэлгээ хийх, мал эмнэлгийн гэрчилгээний шаардлагыг харилцан тохирох зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал мэдээлэл солилцлоо.
Төлөөлөгчид ШХУ-д ажиллах үеэрээ “SwissGenetics” ХХК, кластер фермүүдэд зочилж, туршлага судлав.
Эдгээр уулзалт, арга хэмжээг зохион байгуулахад тус ЭСЯ-наас дэмжлэг үзүүлж оролцлоо.