images

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2025-02-02

59

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Женев дэх төлөөлөгчийн газрын захирал Доминик Буржоныг 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Байнгын төлөөлөгчийн газарт хүлээн авч уулзав.
 
Уулзалтаар “Олон улсын бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-ийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол Улс, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай 2025-2026 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
 
Дэлхий дахинд 100 сая айл өрх, хоёр тэрбум гаруй хүн нүүдлийн мал аж ахуй эрхэлж, эл салбар дэлхийн эдийн засаг, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Сүүлийн жилүүдэд бэлчээр, тал хээр нутаг уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтолд ихээр өртөж буй. Үүний зэрэгцээ бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн газар эзэмших эрх нь баталгаагүй болж, газар ашиглалтад гарч буй өөрчлөлт, зах зээл, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал зэрэг олон бэрхшээлтэй тулгарсаар байна.
 
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар 2018 онд “Олон улсын бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-ийг зарлан тэмдэглэх санаачилга гаргасан. Улмаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Бүгд хуралдаанаар манай улсын санаачилсан “Олон улсын бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүн улсууд санал нэгтэй баталсан.
“Олон улсын бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-ийг тэмдэглэн өнгөрүүлснээр дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах, экосистемийн үр ашгийг хүртэхэд бэлчээрийн мал аж ахуйн хувь нэмрийг дэлхий нийтэд сурталчлах, энэ талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэх, мөн бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг олон сая хүний амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг хэрэгжүүлэх, энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэх ахиц дэвшлийг түргэтгэх боломжийг олгоход оршиж байна.