images

ДИПЛОМАТ КОРПУСЫН ШИНЭ ЖИЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТАД ШВЕЙЦАРЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ҮГ ХЭЛЭВ

Мэдээ мэдээлэл

2025-01-31

58

Швейцарын Холбооны Улсын 2025 оны Ерөнхийлөгч Карин Келлер-Саттер Берн хотноо болсон дипломат корпусын шинэ жилийн хүлээн авалтад мэндчилгээ дэвшүүлж, ШХУ-ын гадаад бодлого, түүний тэргүүлэх чиглэл, тулгамдаж буй сорилтын талаар үг хэлэв.
 
Ерөнхийлөгч Карин Келлер-Саттер ШХУ-ын гадаад бодлого тогтвортой байгааг дурдаж, олон улсын тавцанд өөрийн улсын байр суурь, үнэт зүйлийг үргэлжлүүлэн хамгаалах, аливаа зөрчил мөргөлдөөнийг энх тайванч, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг эрмэлзэж буйг тэмдэглэв. Тэрээр Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Швейцарын үнэт зүйл болсон чөлөөт ардчилал, хүний эрхийг дээдлэх үзлийг дэлхий дахинд бэхжүүлэх, геополитикийн тогтвортой байдал, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад оруулж буй хувь нэмрээ бататгах, гадаад улс орнуудтай явуулж буй хоёр талын харилцаагаа хөгжүүлэх, түүний дотор эдийн засгийн гол түнш Европын холбоо, АНУ-тай харилцаагаа өргөжүүлэх зэрэг гурван чиглэлд голлон анхаарч ажиллахаа мэдээлэв.
 
2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсон Карин Келлер-Саттер Холбооны зөвлөлийн гишүүн бөгөөд Сангийн сайдын албыг хашдаг.
 
Тус арга хэмжээний үеэр Элчин сайд Д.Гэрэлмаа Ерөнхийлөгч Карин Келлер-Саттертай мэндчилж, Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар товч санал солилцлоо.