ШВЕЙЦАРЫН ЗҮРХНИЙ МЭС ЗАСАЛЧ ДР. ТЬЕРРИ КАРРЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын зүрхний мэс засалч, доктор Тьерри Каррелийг 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч уулзан санал солилцлоо.
Швейцарын хөгжлийн агентлаг, Монгол Улсын “Бундан” төрийн бус байгууллагын хамтарсан “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд Монгол Улсад хүмүүнлэгийн шугамаар ажиллаж буй эмч Тьерри Каррель өөрийн туршлага, санал сэтгэгдлээ хуваалцаж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, үзүүлэх тусламж, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Элчин сайд Д.Гэрэлмаа түүний үйл ажиллагаанд талархал илэрхийлж, Монгол, Швейцарын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, давтан сургах, туршлага судлуулахад талууд анхаарч ажиллан, бодит үр дүн гарч буйд сэтгэл хангалуун байгаагаа дурдав.
Ялангуяа Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилт, дэмжлэгтэйгээр Монгол Улсын “Бундан” ТББ-ын хамтран хэрэгжүүлж буй “Зүрх мартахгүй” төслийн цар хүрээ, ач холбогдлыг тэмдэглэж, төрөлхийн зүрхний өвчтэй болон алслагдсан бүс нутагт амьдардаг, эмнэлгийн тусламж нэн шаардлагатай хүүхэд багачуудад тусламж үйлчилгээ үзүүлж байгааг онцлов.
Уулзалтад Швейцарын хөгжлийн агентлагийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын тэргүүн асан Стефани Бурри, холбогдох төлөөлөгчид байлцлаа.
Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд ЭХЭМҮТ болон Цюрихийн Их сургуулийн Хүүхдийн эмнэлэг хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг 2023 онд, Хавдар судлалын үндэсний төв болон Женевийн Их сургуулийн эмнэлэг хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг 2024 онд тус тус байгуулан ажиллаж байгаа билээ.