images

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 55 ДАХЬ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2025-01-27

55

 

Дэлхийн эдийн засгийн ээлжит 55 дахь удаагийн чуулга уулзалт 2025 оны 1 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж өнгөрөв. “Ухаалаг эрин үеийг төлөвшүүлэх нь” сэдвийн дор явагдсан тус  чуулга уулзалтад Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй төлөөлөгчид амжилттай оролцлоо.

Ээлжит чуулга уулзалтаар геополитикийн эрсдэлт нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах, амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилгоор эдийн засгийн өсөлтийг дэмжих, эрчим хүчний шударга, хүртээмжтэй шилжилт зэрэг дэлхийн дахины болон бүс нутгийн өмнө тулгамдаж буй гол сорилтуудын талаар хэлэлцэв.

Дэлхийн эдийн засгийн 55 дахь чуулга уулзалтын эхний өдөр Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллага (ДЭЗЧУБ)-ын Удирдах захирал Оливер Шваб нар “Стратегийн оюун ухааны платформ” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ДЭЗЧУБ хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурав. Монгол Улс ДЭЗЧУБ-тай тус хэлэлцээрийг байгуулсан хоёр дахь улс болсон бөгөөд уг төслийг хэрэгжүүлснээр төр, засгийн удирдагчдад стратегийн оновчтой шийдвэр гаргахад нь туслах зорилготой ДЭЗЧУБ-ын хиймэл оюун ухаанд суурилсан мэдээлэл, дүн шинжилгээний цахим баазыг Монгол Улсад нэвтрүүлж ашиглах бололцоо бүрдэх юм. Гарын үсэг зурах ажиллагаанд манай талаас ШХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин нар байлцав.

Мөн Шадар сайд Т.Доржханд 1 дүгээр сарын 21-ний өдөр Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, уур амьсгалын зорилтыг дээшлүүлэх чиглэлээр Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай хамтран ажиллах тухай санамж бичиг, 1 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-ын “Envision” групптэй Хамтын ажиллагааны санамж бичигт тус тус гарын үсэг зурав. Эдгээр баримт бичгийн дагуу Монгол Улс ЕСБХБ-тай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, 300 мегаватт хүртэлх хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүрийг цахилгаан дамжуулах агаарын шугамын хамт барьж байгуулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтыг ахиулах, “Envision” групптэй 500 мегаваттын эрчим хүчний батарей хуримтлуурын станц байгуулах, сэргээгдэх эрчим хүч экспортлох, ногоон ажлын байр бий болгох чиглэлээр хамтран ажиллах юм.

Түүнчлэн Шадар сайд Т.Доржханд Саудын Араб Улсын Хөрөнгө оруулалтын сайд Халид Аль-Фали, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын сайд Мохаммад Аль Гергави нартай тус тус уулзаж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй 14 мега төсөл, уул уурхай, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл өгч, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцлоо. Үүнээс гадна чуулга уулзалтын үеэр 10 гаруй ажил хэргийн уулзалт хийв.

Шадар сайд Т.Доржханд ДЭЗЧУБ-аас 1 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулсан “Газрын нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт нээлттэй хуралдаанд уригдан оролцож, Монгол Улсад тулгарч буй газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой томоохон сорилтууд, цөлжилттэй тэмцэх, газрыг нөхөн сэргээх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав. Тэрээр Монгол Улс 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлыг эх орондоо хүлээн авч зохион байгуулахтай холбогдуулан дэвшүүлж буй зорилт, “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгын талаар мэдээлж, эдгээр санал санаачилгыг ажил хэрэг болгоход хамтран ажиллахыг оролцогчдод уриаллаа. Тус нээлттэй хэлэлцүүлэгт Ирак Улсын Ерөнхийлөгч Абдул Л.Рашид, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиав, Өмнөд Африк Улсын Хөдөө аж ахуйн сайд Жон Стийнхуйсен, “Олон улсын хөдөө аж ахуйн судалгааны асуудлаар  зөвлөлдөх бүлэг байгууллагын захирал Исмахане Элуафи, New AeroFarms компанийн Гүйцэтгэх захирал М.Монтгомери нар мөн илтгэгчээр оролцсон юм.         

Энэ удаагийн чуулга уулзалтын нэг онцлог үйл явдал нь Монгол Улс улс орноо сурталчлан таниулах зорилготой “Монголиа Хаус” павилионыг анх удаа нээн ажиллуулсан явдал бөгөөд тус павилионд сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлал, хиймэл оюун ухааны сэдэвт хоёр болон олон талт 10 гаруй уулзалт, хэлэлцүүлэг, соёлын арга хэмжээг зохион байгуулав. Шадар сайд Т.Доржханд 1 дүгээр сарын 22-ны өдөр CNN сувгийн олон улсын мэдээний хөтлөгч Ричард Квесттэй ярилцлага хийж, уул уурхайн зах зээл, хөрөнгө оруулалтын асуудал болон сонирхсон бусад сэдвээр ярилцсан нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг олон улсад сурталчлан таниулахад нэг чухал алхам болов.

Шадар сайд Т.Доржханд мөн “Монголиа Хаус”-т зохион байгуулагдсан “Уур амьсгалын өөрчлөлт: Ногоон шилжилт, хөрөнгө оруулалт”, “Уул уурхайн шилжилт: Монголын уул уурхайн салбарын тулхтай хөгжил”, Эрчим хүчний шилжилт: Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц боломж”, “Хиймэл оюун ухааны хувьсгалд жижиг улсуудын манлайлал”  сэдэвт хэлэлцүүлгүүдэд тус тус илтгэгчээр оролцлоо.