images

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ЭЛЧИН САЙД ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2024-12-12

33

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа “Олон улсын жендэрийн манлайлагчид” санаачилгаас зохион байгуулсан “Дижитал болон шинээр гарч ирж буй технологийн нөлөөллийн бүлэг: Дижитал эрин үед жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь” сэдэвт дугуй ширээний уулзалт-хэлэлцүүлэгт оролцов.
Хэлэлцүүлгийн үеэр Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа дижитал эдийн засагт эмэгтэй бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний дижитал ур чадварыг дээшлүүлэх, дижитал эринд жендэрийн тэгш байдлыг хангах, жендэрийн мэдрэмжтэй технологи, инновацыг хөгжүүлэх, хиймэл оюун ухаан, автоматжуулалт зэрэг шинээр гарч ирж буй технологиудын загварт жендэрийн хэтийн төлөвийг анхаарах, жендэрийн хэвшмэл ойлголт, нийгмийн сөрөг харьцаа, мэдээллийн нууцлалыг зөрчихтэй тэмцэх, ил тод байдал, хариуцлагыг сайжруулах, шинжлэх ухаан, технологийн салбарт жендэрийн харьцааг тэнцүүлэх бодлого, хөтөлбөрийг дэмжих зэрэг асуудлаар үг хэлж, санал солилцов.
Хэлэлцүүлэгт Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дорийн Богдан-Мартин, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Жильбер Унгбо, ИБУИНХУ-ын Байнгын төлөөлөгч, Элчин сайд Саймон Мэнли, Данийн Хаант Улсын Байнгын төлөөлөгч, Элчин сайд Иб Петерсен зэрэг 15 орчим төлөөлөгч оролцсон.
 
“Олон улсын жендэрийн манлайлагчид” санаачилга нь бүхий л салбар дахь жендэрийн тэгш бус байдлыг арилгах зорилготой 300 гаруй нэр хүндтэй шийдвэр гаргагчдыг багтаасан олон улсын манлайллын сүлжээ юм. “Дижитал болон шинээр гарч ирж буй технологийн нөлөөллийн бүлэг” нь тус сүлжээний хүрээнд 2024 байгуулагдсан. Бүлгийг ОУЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дорийн Богдан-Мартин, “Women at Table / Alliance for Inclusive Algorithms”-ийн Гүйцэтгэх захирал Кэйтлин Крафт-Бакман, ИБУИНХУ-ын Байнгын төлөөлөгч, Элчин сайд Саймон Мэнли нар хамтран даргалж байна.