images

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ЖЕНЕВИЙН АМЛАЛТ”-Д НЭГДЛЭЭ

Мэдээ мэдээлэл

2024-11-08

84

“Олон улсын жендэрийн манлайлагчид” (International Gender Champions) санаачилга, Уур амьсгалын өөрчлөлт ба жендэр нөлөөллийн бүлэг (Climate-Gender Impact Group)-ээс санаачлан 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр НҮБ-ын Женев дэх төвийн байранд Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагааны тухай Женевийн амлалт”-ыг танилцуулах, гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулав.

Женев хотод улс орноо төлөөлөн үйл ажиллагаа явуулж байгаа 40 гаруй  Байнгын төлөөлөгч, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагын бусад хүндэт зочид, төлөөлөгчид нэгдсэн уг ёслолын ажиллагаанд Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа оролцож,  “Женевийн амлалт”-ын зарчим, ач холбогдлыг дэмжиж байгаагаа илэрхийлэн гарын үсэг зурав.

“Женевийн амлалт”-аар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаанд жендэрийн тэгш байдал, олон янз байдал, оролцоог хангахад чиглэсэн зургаан зарчмыг дэвшүүлсэн бөгөөд түүнд нэгдсэн оролцогч талууд өөрсдийн манлайлал, нөлөөллөөр дамжуулан уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэхэд жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагаа явуулахыг хөхиүлэн дэмжих амлалт авч байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Талуудын Бага хурлын 29 дүгээр чуулган ойртож байгаа энэ үед “Женевийн амлалт” нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд жендэрийн мэдрэмжтэй бодитой шийдлийг дэвшүүлэх, манлайллыг идэвхжүүлэхэд түлхэц болно гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.

 

“Олон улсын жендэрийн манлайлагчид” санаачилга нь бүхий л салбар дахь жендэрийн саад тотгорыг арилгах зорилготой 300 гаруй нэр хүндтэй шийдвэр гаргагчдыг багтаасан олон улсын манлайллын сүлжээ юм. “Уур амьсгалын өөрчлөлт ба жендэр бүлэг” нь дээрх сүлжээний хүрээнд энэ оны 2 дугаар сард байгуулагдсан нөлөөллийн бүлэг бөгөөд Climate Bridges санаачилгын Ерөнхийлөгч Элиз Баккл, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жаган Чапагаин,  ХБНГУ-ын Байнгын төлөөлөгч, Элчин сайд Катарина Сташ, Коста Рика Улсын Байнгын төлөөлөгч, Элчин сайд Кристиан Г.Фернандез нар хамтран даргалдаг.

#INTGenderChampions #GenevaPledge