images

ОЛОН УЛСЫН УЛААН ЗАГАЛМАЙ, УЛААН ХАВИРГАН САР ХӨДӨЛГӨӨНИЙ 34 ДҮГЭЭР БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2024-10-31

116

Женев хотноо энэ сарын 28-31-ний өдрүүдэд болж буй Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган сар Хөдөлгөөний 34 дүгээр Бага хуралд Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа, ГХЯ-ны ГЭЗГ-ын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Соёлмаа, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Бага хурлын Ерөнхий хэлэлцүүлэгт Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг бэхжүүлэх чиглэлээр хийгдэж буй ажил, санал санаачилга, байгаль, цаг уурын хүнд нөхцөлд хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгох асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв.

Бага хурлын хүрээнд манай төлөөлөгчид Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны (IFRC) Ерөнхий нарийн бичгийн дарга Жаган Чапагаин, Зүүн Азийн бүсийн захирал Ольга Жумаевa нартай 10 дугаар сарын 28-ны өдөр, Олон Улсын Улаан Загалмай хорооны (ICRC) Ази, номхон далайн бүсийн захирал Жак дө Майо, Хамтын ажиллагааны газрын дарга Катерин Мари Марти нартай тус тус уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

1867 онд үүсгэн байгуулагдсан тус хүмүүнлэгийн байгууллагын Бага хурал нь Женевийн конвенцын оролцогч тал 196 улс болон 192 Үндэсний хөдөлгөөн, нийгэмлэг, Олон Улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо (IFRC), Олон Улсын Улаан загалмай хороо (ICRC)-г оролцуулан 4 жил тутамд хуралддаг дээд байгууллага юм.

Энэ удаагийн Бага хурлаар Женевийн конвенцын оролцогч талууд болон улаан загалмайн үндэсний нийгэмлэгүүд хүмүүнлэгийн үйл ажиллагаанд дотоодын чадавх, нөөц бололцоо, манлайллыг нэмэгдүүлэх, уур амьсгалын сөрөг нөлөөллөөс иргэдийг хамгаалж, гамшгийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах зэрэг асуудлаарх тогтоолуудыг хэлэлцэн батална.