images

МОНГОЛ, ШВЕЙЦАРЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2024-10-08

64

Швейцарын Холбооны Улсад 10 дугаар сарын 01-06-ны өдрүүдэд ажиллаж, “Валэгийн үзэсгэлэн яармаг”-т оролцсон Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, аялал жуулчлалын компаниудын төлөөлөгчид Швейцарын байгууллагуудад зочилж, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Тухайлбал,
✔️Төлөөлөгчид Швейцарын Аялал жуулчлалын холбооны тэргүүн Федерико Соммаругатай уулзалт хийж, “Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
✔️ Швейцарын аялал жуулчлалын байгууллагуудтай В2В хоёр талын уулзалт хийж, Монгол Улсын аялал жуулчлалын бодлого, улирлын онцлог, тогтвортой аялал жуулчлалын талаар мэдээлэл өглөө. Швейцарын талаас Монгол Улсад аялж жуулчлах швейцарын иргэдийн тоог нэмэгдүүлэх, сонирхлыг татах стратеги, санал, зөвлөмжийг өгч, энэ чиглэлд үргэлжлүүлэн ажиллахаар тогтов.
✔️Мөн үеэр Швейцарын Холбооны Улсын тогтвортой аялал жуулчлалын “Swisstainable policy” бодлого, Холбооны Улсын түвшинд, муж улс, коммуны түвшинд төр, хувийн хэвшлийн байгууллага хамтран аялал жуулчлалыг цогц хэлбэрээр хөгжүүлж буй сайн туршлагын талаар Valais Wallis Promotion агентлагаас дэлгэрэнгүй танилцуулсан нь ач холбогдолтой, үр дүнтэй сургалт-танилцуулга боллоо.
✔️Төлөөлөгчид Швейцарын аялал жуулчлалын цогцолбор газруудад зочилж, үзвэр, үйлчилгээний хөтөлбөрт хамрагдав.
Эдгээр уулзалт, арга хэмжээг зохион байгуулахад Швейцарын ГХЯ, Валэ мужийн удирдлагууд, Швейцарын Аялал жуулчлалын холбоо, Valais Wallis Promotion agency, “Валэгийн үзэсгэлэн яармаг”-ийн зохион байгуулах хороо, дэмжлэг үзүүллээ.