images

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 57 ДУГААР ЧУУЛГАН ЖЕНЕВ ХОТНОО БОЛЖ ӨНДӨРЛӨВ

Мэдээ мэдээлэл

2024-10-11

104

Женев хотноо 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр үйл ажиллагаагаа эхэлсэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 57 дугаар чуулган нийт таван долоо хоног хуралдаж, өнөөдөр өндөрлөв. Ээлжит чуулганаар хүний эрхийн өргөн хүрээтэй асуудлаар ерөнхий хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ Хүний эрхийн зөвлөлийн 27 тусгай бүтэц, механизм үйл ажиллагааны тайлан, илтгэлээ танилцуулж, хэлэлцүүлэг явууллаа.
Ээлжит 57 дугаар чуулганд Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид оролцож, чуулганы хэлэлцүүлэгт хувь нэмрээ оруулж ажиллав. Тухайлбал, Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Ахмад настны асуудлаарх НҮБ-ын Бие даасан шинжээч К.Махлертай хийсэн нээлттэй хэлэлцүүлэгт ахмад настны эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээрх Монгол Улсын хууль эрх, зүйн орчин, Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгарч буй сорилтын талаар танилцуулав.
Мөн чуулганы ерөнхий санал шүүмжийн хүрээнд Хүний эрхийн зөвлөлийн цаазаар авах ялын асуудлаарх тогтоол санаачлагч үндсэн бүлэг (Бельги, Бенин, Коста Рика, Мексик, Молдав, Монгол, Франц, Швейцар)-ийг төлөөлөн 9 дүгээр сарын 19-ний өдөр цаазаар авах ялыг халах асуудлаар хамтарсан мэдэгдэл танилцуулсан бол 9 дүгээр сарын 20-ны өдрийн хэлэлцүүлэгт жендэрийн тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор өнгөрсөн 8 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн эмэгтэйчүүдийн форум”, түүнээс баталсан “Улаанбаатарын тунхаглал”-ын талаар мэдээлж, уг баримт бичгийг ажил хэрэг болгоход гишүүн улс орнуудтай хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.
Үүнээс гадна манай улс бусад гишүүн улсаас санаачлан чуулганд танилцуулсан “Вакцинжуулалт, дархлаажуулалт болон эрүүл байх эрх” (Вьетнам), Олон улсын энх тайвны өдөр (Катар), “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, охидын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хангах” (Финланд, Малави), “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг ба хүний эрх” (Чили), “Ус ба энх тайван”, “Уур амьсгалын өөрчлөлт ба дотоодын шилжин суурьшигчид” (Ирак), “Хүний эрхийн зөвлөлийн Тусгай мандат эзэмшигч нарт байнгын хүчинтэй урилга хүргүүлэхийг хөхиүлэн дэмжих нь” (Латви) зэрэг хамтарсан мэдэгдэлд нэгдэж орлоо.