images

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН ЭМЭГТЭЙЧҮҮД, ЭНХ ТАЙВАН, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ҮГ ХЭЛЭВ

Мэдээ мэдээлэл

2024-10-26

109

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг 10 дугаар сард Швейцар Улс даргалж байгаа бөгөөд Дарга улсын санаачилгаар энэ 10 дугаар сарын 24-ний өдөр Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал сэдвийн хүрээнд “Хувьсан өөрчлөгдөж буй орчин нөхцөлд энх тайвныг цогцлоож буй эмэгтэйчүүд” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Швейцар Улсын Ерөнхийлөгч Амхерд Виола удирдан явуулсан эл хэлэлцүүлгийн эхэнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Орлогч Амина Мохаммед, НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын Гүйцэтгэх захирал Сима Бахус болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож, үг хэлэв.

Нээлттэй хэлэлцүүлэгт Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төвийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа оролцож, үг хэлэв. Байнгын төлөөлөгч хэлсэн үгэндээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1325 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах нь өдгөө олон улсад тулгамдаад буй аюулгүй байдлын томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд урьд өмнөхөөс илүү чухал үүрэг гүйцэтгэхийг онцлон тэмдэглэв.

Тэрээр Монгол Улс үндэсний хэмжээнд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах нөхцөлийг бүрдүүлж, бүс нутагтаа манлайлал үзүүлэхийг зорьж байгаа талаар танилцуулав.

Түүний дотор УИХ-ын ээлжит сонгуульд 32 эмэгтэй ялалт байгуулж, нийт гишүүний 25 хувийг бүрдүүлсэн нь Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөр тэргүүлэх үзүүлэлт болсон тухай, 2023 онд Улаанбаатар хотноо Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулсан, мөн Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах үйлсэд оролцож буй эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог үе шаттайгаар нэмэгдүүлэн ажиллаж байгаа зэргийг цохон тэмдэглэв.