МОНГОЛ УЛС “ВАЛЭГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ”-ИЙН "ХҮНДЭТ ЗОЧИН"-ООР АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Швейцарын Холбооны Улсын Валэ мужийн Мартини хотод 64 дэх жилдээ зохион байгуулагдсан “Валэгийн үзэсгэлэн яармаг”-т Монгол Улс “Хүндэт зочин”-оор амжилттай оролцлоо.
Өнгөрсөн 9 дүгээр сарын 27-ноос энэ сарын 06-ны өдрийг дуустал 10 хоногийн турш үргэлжилсэн тус үзэсгэлэнд 400 гаруй байгууллага үйл ажиллагаагаа сурталчлан оролцож, 300,000 гаруй хүн үзэж сонирхжээ.
Тус үзэсгэлэн яармагт Монгол Улс анх удаа уригдан оролцож, Монгол Улсын үндэсний онцлогийг харуулсан бараа бүтээгдэхүүн, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулан эх орноо сурталчлав.
Үзэсгэлэнгийн хүрээнд 10 дугаар сарын 02-ны өдөр “Go Mongolia: Монголын соёлын өдөрлөг”-ийг цогц хэлбэрээр зохион байгуулав. Үүнд,
“Go Mongolia” Монгол Улсын аялал жуулчлалын салбарын танилцуулга мэдээллийн арга хэмжээнд Швейцарын төрийн болон орон нутгийн байгууллага, аялал жуулчлалын холбоо, тур агентлаг, гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагуудын 150 гаруй зочин, төлөөлөгчийг урьж оролцууллаа. Тус арга хэмжээг нээж Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа, Швейцарын Үндэсний зөвлөл (Парламент)-ийн гишүүн, Гадаад харилцааны хорооны дарга Л.Верли нар үг хэллээ. Мөн "Foire du Valais" үзэсгэлэн яармагийн Ерөнхийлөгч В.Клаева, Валэ мужийн Эдийн засгийн сайд К.Дарбеллаи нар үг хэлэв.
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Стратеги, хамтын ажиллагааны газрын дарга Б.Цэцэгмаа илтгэл тавьж, Монгол Улсад 20 дахь удаа аялсан Швейцарын иргэн Г.Паскаль өөрийн сэтгэгдэл, дурсамжаа хуваалцаж илтгэл тавьсныг зочид, төлөөлөгчид өндрөөр хүлээн авч талархал илэрхийллээ.
Үзэсгэлэн яармагийн төв тоглолтын танхимд "Mongolian step" агентлагийн тэргүүн, Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээ уран бүтээлчдийн хамт ардын урлагийн бүрэн хэмжээний тоглолтыг,
Монгол үндэстний язгуур хөгжмийн зэмсгийг метал хөгжимтэй хослуулж, этно-рок чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Уухай” хамтлаг бүрэн хэмжээний тоглолтыг тус тус толилуулсныг 2000 орчим хүн үзэж сонирхлоо.
Үзэсгэлэнгийн хүрээнд байршуулсан Монгол гэрт монгол үндэстний өв соёл болсон үндэсний бөхийн барилдаан, шагайн харваа, бий биелгээ, морин хуур, ятга, хөөмийн үзүүлбэрээс танилцуулав.
Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын “Le Chablais” радио, “Le Nouvelliste” сэтгүүлд ярилцлага өгч, Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой, Монгол Улс "Foire du Valais" үзэсгэлэнд "Хүндэт зочин"-оор оролцож байгаа талаар мэдээлэл өглөө.