images

ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН "ВАЛЭГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ"-Т МОНГОЛ УЛС "ХҮНДЭТ ЗОЧИН"-ООР ОРОЛЦОЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2024-09-28

151

Швейцарын Холбооны Улсад зохион байгуулагддаг хоёр дахь том үзэсгэлэн "Валэгийн үзэсгэлэн яармаг" (Foire du Valais)-ийн "Хүндэт зочин"-оор Монгол Улс оролцож, монгол өв уламжлал, соёл урлаг, Монголын бараа бүтээгдэхүүнийг сурталчилж байна.
 
Валэ мужийн Мартини хотод 9 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 06-ныг дуустал үргэлжлэх тус үзэсгэлэн яармагт ССАЖЗЯ, ЖДҮГ, АЖМХолбооны оролцоо дэмжлэгтэйгээр Монгол Улсын ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 12 аж ахуйн нэгж, аялал жуулчлалын 6 компанийн нийт 40 орчим төлөөлөгч оролцож байна.
 
Нийт 50,000 м2 хэмжээтэй томоохон талбайд, 400 гаруй компани, аж ахуйн нэгж оролцдог, жил бүр 200-300 мянган хүн үзэж сонирхдог тус үзэсгэлэн яармаг 64 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.
 
Үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсыг сурталчлах 6 ханатай Монгол гэрийг 10 хоногийн турш байрлуулж, монгол ёс заншил, соёлыг танилцуулах, монгол бүжиг, шагайн харваа, бөхийн барилдааны үзүүлбэр зэрэг соёлын арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
 
Энэ онд тохиож буй Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хоёр улсын хооронд худалдаа эдийн засаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монголын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнийг сурталчлах чиглэлээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байгаа билээ.