images

ЦЮРИХИЙН ИХ СУРГУУЛИЙН ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГТ ЭХЭМҮТ-ИЙН ЭМЧ НАР МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2024-09-26

57

Европ тивийн тэргүүлэх хүүхдийн эмнэлэг болох Цюрих хотын Их сургуулийн Хүүхдийн эмнэлэгтэй харилцаа тогтоох, манай улсын хүүхдийн эмнэлгүүд, тэр дундаа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй тус эмнэлгийг холбох, хамтын ажиллагааны эхлэлийг тавих ажлыг Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамнаас санаачилж 2023 оноос шат дараатай ажлуудыг эхлүүлсэн билээ.

Тухайлбал Цюрихийн Их сургуулийн Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал доктор, профессор Майкл Гротзерийн ажлын айлчлалыг Улаанбаатар хотноо ЭХЭМҮТ болон “Баттүшиг Цэлмүүн Сан”-ийн дэмжлэгтэйгээр 2023 оны 7 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд зохион байгуулж айлчлалын үр дүнгээр ЭХЭМҮТ болон Цюрихийн Их сургуулийн Хүүхдийн эмнэлэг хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан.

Энэхүү санамж бичгийн хүрээнд энэ оны 9 дүгээр сараас ЭХЭМҮТ-ийн мэс заслын эмч А.Эрдэнэдалай болон хүүхдийн сэргээн засах эмчилгээний эмч Б.Долгорсүрэн нар нэг сарын хугацаатай Цюрихийн Их сургуулийн Хүүхдийн эмнэлэгт мэргэжил дээшлүүлэхээр хүрэлцэн ирээд байна.

Элчин сайд Д.Гэрэлмаа 9 дүгээр сарын 25-ны өдөр Цюрихийн Их сургуулийн Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал доктор, профессор Майкл Гротзер болон ЭХЭМҮТ-өөс хүрэлцэн ирсэн эмч А.Эрдэнэдалай болон Б.Долгорсүрэн нартай уулзаж хоёр эмнэлгийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Санамж бичгийн хүрээнд цаашид хоёр эмнэлгийн хооронд эмч солилцооны хөтөлбөрийн давтамжийг нэмэгдүүлэх, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудыг зохион байгуулахаар талууд төлөвлөж байна.