images

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ШХУ-Д АЖИЛЛАВ

Мэдээ мэдээлэл

2024-09-23

155

Монгол Улсын Шүүхийн сахилгын хороо (ШСХ)-ны дарга Ц.Давхарбаяр тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 9 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд Швейцарын Холбооны Улсад ажиллав.

ШСХ-ны төлөөлөгчид 9 дүгээр сарын 17-ны өдөр ШХУ-ын Валай мужийн Сион хотод ажиллан, мужийн Дээд шүүхийн Ерөнхийлөгч Бертранд Дайер, Шүүхийн зөвлөлийн дарга Кароль М.Базили, 9 дүгээр сарын 18-ны өдөр Женев хотноо тус мужийн Шүүхийн дээд зөвлөлийн гишүүн Миранда Л.Грос нартай тус тус уулзаж, эдгээр байгууллагын үйл ажиллагаа, шүүгчийн ёс зүй, сахилгын зөрчил, түүнд холбогдох гомдлыг шийдвэрлэх үйл ажиллагаатай танилцав. Швейцар Улсын хувьд холбооны муж бүр тусдаа шүүгчийн үйл ажиллагаа, ёс зүй, сахилгын асуудалд хяналт тавих чиг үүрэг бүхий бие даасан байгууллага болох Шүүхийн зөвлөлтэй бөгөөд Женев мужийн Шүүхийн дээд зөвлөл нь 1947 онд байгуулагдсан хамгийн анхны зөвлөл бол Валай мужийн Шүүхийн зөвлөл нь 2020 онд үйл ажиллагаагаа эхэлсэн шинэ байгууллага юм.

Төлөөлөгчид мөн 9 дүгээр сарын 18-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын албанд зочилж, тус албаны Ази, Номхон далайн салбарын дарга Р.Мунговен болон НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсэг, НҮБ-ын Шүүгчдийн хараат бус байдлын асуудлаарх Тусгай илтгэгчийн албаны төлөөлөгчидтэй уулзалт хийж, техникийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Талууд уулзалтын мөрөөр үргэлжлүүлэн ажиллахаар тогтов.