images

ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМЧ НАР ШВЕЙЦАРЫН ЖЕНЕВИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГТ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛНЭ

Мэдээ мэдээлэл

2024-09-18

56

Швейцарын Холбооны Улсын эрүүл мэндийн салбарт тэргүүлэх байр эзэлдэг Женевийн Их сургуулийн эмнэлэг болон Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) хооронд харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бодитой хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр тус Элчин сайдын яамнаас санаачилга дэвшүүлж 2022 оны 9 дүгээр сараас ажиллаж эхэлсэн билээ.

Энэ хугацаанд хоёр эмнэлгийн удирдлагын харилцан айлчлалыг Улаанбаатар, Женев хотноо 2023 онд хэрэгжүүлж, хоёр эмнэлэг хоорондын цахим уулзалтуудыг тогтмол зохион байгуулж, Женевийн Их сургуулийн эмнэлгийн удирдлага, эмч, гадаад харилцааны албатай албан болон албан бус хэлбэрээр тогтмол холбоотой ажилласны үндсэн дээр 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ХСҮТ болон Женевийн Их сургуулийн эмнэлэг хооронд Харилцан ойлголцлын санамж бичгийг талууд Женев хотноо байгууллаа.

Санамж бичигт ХСҮТ-ийг төлөөлж Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, Женевийн Их сургуулийн эмнэлгийг төлөөлж Ерөнхий захирал Роберт Мардини нар гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд Женевийн Их сургуулийн эмнэлгийн Профессор, Доктор Фредерик Трипоне-ээр ахлуулсан Мэс заслын газар болон Профессор, Доктор Оливиер Мишелинээр ахлуулсан Хавдар судлалын хэлтэст ХСҮТ-ийн хоёр эмчийг тус бүр 3 сарын хугацаатай туршлага судлуулах төслөөр эхлэх юм.

Дээрх төслийн хүрээнд манай мэргэжилтнүүд Монгол Улсад төдийлөн хүртээмж багатай байгаа орчин үеийн хорт хавдар судлалын чухал бүрэлдэхүүн хэсэг болох дархлааны эмчилгээ (immunotherapy) болон хэвлий, цээжний эрхтнүүдэд хөнөөл багатай орчин үеийн арга техник болох дурангийн болон торакоскопи мэс заслын ур чадварыг дээшлүүлэхэд орших юм.

Мөн санамж бичгийн хүрээнд хоёр эмнэлийн хооронд мэдлэг, туршлага солилцох ажлууд үргэлжлэх ба Женевийн Их сургуулийн зүгээс манай улсад дэвшилтэт эмчилгээ, тэдгээрийн гаж нөлөөний талаар туршлагаасаа хуваалцах бол ХСҮТ-ийн зүгээс олноор өвчилж буй хавдрын тодорхой төрлүүдийг эмчилж буй туршлагаасаа хуваалцах юм.