images

ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ ӨНДӨРЛӨВ

Мэдээ мэдээлэл

2024-08-23

217

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор 8 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт өнөөдөр өндөрлөлөө.

НҮБ-тай хамтран зохион байгуулсан энэхүү чуулга уулзалтаар 19 улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд, олон улсын 20 гаруй байгууллага,  төрийн бус байгууллага, иргэнийн нийгэм болон бизнес, спорт, урлаг зэрэг салбарын манлайлагч 800 гаруй эмэгтэй чуулж, жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих, дэлхий дахинд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо зэрэг асуудлуудаар өргөн яриа хэлэлцэж өрнүүлж, харилцан туршлага солилцов.

Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг хааж УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Орлогч Амина Мохаммед нар үг хэлэв. Чуулга уулзалтын дүнгээр “Тогтвортой ирээдүйн төлөө Улаанбаатарын тунхаглал”-ыг баталж, жендэрийн эрх тэгш байдлын үзэл баримтлалыг бүх бодлого, хөтөлбөртөө тусгах, уур амьсгалын өөрчлөлтийг жендэрт нийцсэн, бодлого, үйл ажиллагаагаар шийдвэрлэх амлалтаа дахин нотоллоо.

Энэхүү чуулга уулзалт нь ирэх 9 дүгээр сард Нью-Йорк хотноо болох Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт, 2025 онд тохиох Дэлхий эмэгтэйчүүдийн бага хурлын “Бээжингийн тунхаглал болон үйл ажиллагааны хөтөлбөр” батлагдсаны 30 жилийн ойг угтуулан болж байгаа нь Монгол Улс болон оролцогч бусад улс, олон улсын байгууллагуудын жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулахад хувь нэмэр оруулсан чухал арга хэмжээ боллоо.