images

ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ УЛААНБААТАР ХОТНОО БОЛНО

Мэдээ мэдээлэл

2024-08-20

153

Монгол Улс дэлхийн тавцанд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэхийн төлөө хэрэгжүүлж буй санаачилга, үйл ажиллагаагаа дахин нотлон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг НҮБ-тай хамтран Улаанбаатар хотноо 8 дугаар сарын 22–23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
 
Тус чуулга уулзалтад дэлхийн 15 улсын төр, засгийн тэргүүн, сайд, хууль тогтоох байгууллагын дарга нар, 20 орчим олон улсын байгууллага, олон улсын төрийн бус байгууллага болон бизнес, спорт, урлаг зэрэг бүхий л салбарын эмэгтэй манлайлагчид гадаадын 200 гаруй зочин, Монголын 600 гаруй төлөөлөгч оролцоно.
НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Татьяана Валовая, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын (ОУШХБ) Ерөнхий захирал Эми Поуп, Олон Улсын Улаан загалмай хорооны Ерөнхий Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Элизе Москини, Швейцарын Эмэгтэйчүүд, тэдний эрхийг нэмэгдүүлэх холбооны Ерөнхийлөгч Викториа Десят тэргүүтэй төлөөлөгчид Женев хотоос хүрэлцэн очиж оролцох юм.