ЖЕНЕВ ХОТНОО “МОНГОЛ НААДАМ 2024“-ИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ
Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Женев дэх Монгол наадам 2024” арга хэмжээг энэ сарын 07-ны өдөр Швейцар дахь L’Association des Nomades нийгэмлэг, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам, GM-Star спорт клуб, Швейцар-Монголын нийгэмлэг, Швейцарт оршин сууж буй монгол иргэдтэйгээ хамтран зохион байгууллаа.
Швейцарын Женев хот болон ойролцоох хот, улс орнуудаас зорин ирсэн монголчууд, Монголд элэгтэй швейцар иргэд, хүүхэд багачууд нийт 600 орчим наадамчин Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэлээ.
Нээлтийн арга хэмжээний үеэр Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Д.Гэрэлмаагийн мэндчилгээг уламжилж, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр мэндчилгээ дэвшүүлэн, “Монгол наадам” брэндингийн төслийг танилцуулж, уран бүтээлчид монгол ардын болон дуурийн дуу, “Донж” бүжгийн хамтлагийн бүжигчид монголын олон үндэстэн ястны бүжгийн үзүүлбэрээс наадамчин олонд толилуулав.
Үндэсний баяр наадамд хүчит 32 бөхийн барилдаан, монгол шагайн харваа, хүүхдийн гүйлтийн уралдаан, “Дээлтэй монгол” шилдэг оролцогч шалгаруулах тэмцээн, хүүхдийн болон насанд хүрэгчдийн олс таталтын тэмцээнийг зохион байгууллаа.
“Женев дэх Монгол наадам 2024” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан ерөнхий зохион байгуулагч “L’Association des Nomades” нийгэмлэг, GM-Star спорт клуб, Швейцар дахь монгол шагайн холбоо, Швейцар-Монголын нийгэмлэг, “Донж” бүжгийн хамтлаг, ивээн тэтгэгч аж ахуйн нэгж, холбоод, түүний дотор “Silk road cargo” компани, Францын Легионы ахмад дайчдын холбоо, хувь хүмүүс, хүрэлцэн ирсэн нийт наадамчин олонд талархал илэрхийлж байна.