images

ЖЕНЕВИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГТ МОНГОЛ УЛСЫН ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАЛУУ ЭМЧ НАР МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛНЭ

Мэдээ мэдээлэл

2024-06-26

179

Швейцарын Холбооны Улсын эрүүл мэндийн салбарт тэргүүлэх байр эзэлдэг Женевийн Их сургуулийн эмнэлэг болон Монгол Улсын Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ) хооронд харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бодитой хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр тус Элчин сайдын яамнаас санаачилга дэвшүүлж, 2022 оны 9 дүгээр сараас ажиллаж эхэлсэн билээ.

Энэ хугацаанд хоёр эмнэлгийн удирдлагын харилцан айлчлалыг Улаанбаатар, Женев хотноо 2023 онд хэрэгжүүлж, хоёр эмнэлэг хоорондын цахим уулзалтуудыг тогтмол зохион байгуулж, Женевийн Их сургуулийн эмнэлгийн удирдлага, эмч, гадаад харилцааны албатай албан болон албан бус хэлбэрээр тогтмол холбоотой ажилласны үндсэн дээр 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Женевийн Их сургуулийн эмнэлгийн зүгээс тус эмнэлгийн Профессор, Доктор Фредерик Трипоне-ээр ахлуулсан Мэс заслын газар болон Профессор, Доктор Оловиер Мишелинээр ахлуулсан Хавдар судлалын хэлтэст ХСҮТ-ийн хоёр залуу мэргэжилтэнг тус бүр 3 сарын хугацаатай туршлага судлуулах төслийг эхлүүлэхээр болсноо мэдэгдлээ.

Төслийн хүрээнд манай мэргэжилтнүүд Монгол Улсад төдийлөн хүртээмж багатай байгаа орчин үеийн хорт хавдар судлалын чухал бүрэлдэхүүн хэсэг болох дархлааны эмчилгээ (immunotherapy) болон хэвлий, цээжний эрхтнүүдэд хөнөөл багатай орчин үеийн арга техник болох дурангийн болон торакоскопи мэс заслын ур чадварыг дээшлүүлэхэд орших юм.

Мөн төслийн хүрээнд хоёр эмнэлийн хооронд мэдлэг, туршлага солилцох ажлууд үргэлжлэх ба Женевийн Их сургуулийн зүгээс манай улсад дэвшилтэт эмчилгээ, тэдгээрийн гаж нөлөөний талаар туршлагаасаа хуваалцах бол ХСҮТ-ийн зүгээс олноор өвчилж буй хавдрын тодорхой төрлүүдийг эмчилж буй туршлагаасаа хуваалцах юм.

Хоёр эмнэлгийн хамтын ажиллагааны талаарх сайн туршлагын тухай онцолж Олон улсын хорт хавдартай тэмцэх холбооны цахим хуудаст нийтлэгдсэн ярилцлага нийтлэлийг дараах цахим хаягаар орж танилцана уу.

https://www.uicc.org/news/geneva-university-hospitals-and-national-cancer-center-mongolia-unite-advance-cancer-care?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR2XkEhtIMv0bJr1kB1FGyIli_QVeiNST4tPkxk8CHqAudKMoGrPNZ73hAY_aem_e7CYVQV18Udb86LnA4CEQg